Цөмийн зэвсэггүй бүс гэдэг нь тодорхой хэлэлцээрийн хүрээнд цөмийн зэвсэг хэрэглэх, турших, боловсруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон улс, бүс нутгийг хэлдэг. 1967 онд Латин Америк болон Карибын тэнгисийн сав газарт цөмийн зэвсгийг хориглох тухай “Тлателолкогийн гэрээ” гэж гарсан нь хамгийн анхных юм.

Энэхүү түүхэн гэрээ үзэглэгдсэнээс хойш 40 жилийн хугацаанд Номхон дөлгөөн далайн өмнөд хэсэг (Роротонгийн гэрээ, 1985 он), Зүүн Өмнөд Ази (Бангкокийн гэрээ, 1995 он), Африк тив (Пелиндабын гэрээ, 1996 он), Дундад Ази (Семипалатинскийн гэрээ 2007 он) гэсэн дөрвөн гэрээ байгуулагдсанаар ерөнхийдөө дэлхийн өмнөд хагасын хүн ам суурьшсан бүс нутгууд цөмийн зэвсэггүй бүсэд хамаарах болсон юм. Үүнээс гадна дэлхийн цэнгэг усны үлэмж хэсэг нь мөс хэлбэрээр хадгалагдаж байдаг Өмнөд мөсөн туйлд үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэхгүй байх Антарктидын гэрээ (1959 он), Далайн ёроолын асуудлаархи гэрээ (1971)-нд цөмийн зэвсгээс ангид байлгах агуулга орсон байдаг юм. Антарктидын гэрээгээр уг тивийг бүхэлд нь цөмийн зэвсэггүй болгосон бол Далайн ёроолын асуудлаархи гэрээнд Номхон далайн өмнөд хэсэг л хамаарсан байдаг онцлогтой. Үүнээс гадна 1967 онд баталсан Сансрын уудмын тухай гэрээнд мөн сансрын уудмыг цөмийн зэвсгээс ангид байлгах зүйл заалтууд бий.

Манай улсын хувьд 1992 онд Цөмийн зэвсэггүй бүс болох санаачилга гарган олон улсад зарласан. Дэлхий дээр дангаараа “Цөмийн зэвсэггүй бүс” гэсэн статусыг бий болгосон улс Монголоос өөр байхгүй. Манай улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажилласаар ирсэн бөгөөд энэхүү хүчин зүтгэлийнхээ үр дүнд 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэмжсэн шийдвэр гаргуулж, 2012 онд Монгол Улс өөрийн газар нутгаа цөмийн зэвсгээс ангид бүс болгож зарласны 20 жилийн ойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон (ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Франц) хамтарсан тунхаглал гаргасан юм. Аюулгүйн зөвлөлийн гишүүн улсууд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид бүсийг дахин баталгаажуулсан бөгөөд аливаа цөмийн зэвсгийн аюул занал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэхээ энэхүү тунхаглалаараа мэдэгдсэн юм. Мөн цөмийн зэвсэгтэй гүрэн болох ОХУ, БНХАУ олон улсын эрх зүйн хүрээнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийг хамгаалах үүргээ эргэн санаж, биелүүлэхээ мэдэгдсэн нь бидний хувьд том амжилт болсон билээ. 

Ингэснээр манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөхөөс гадна улсын тусгаар тогтнол, халдашгүй байдал бэхжих ач холбогдолтой юм. Өмнө нь 2000 онд Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн Монголын цөмийн зэвсгээс ангид бүсийн талаарх мэдэгдэл хийж байсан боловч эрх зүйн талаасаа чадамжгүй байв. Харин 2012 оны тунхаглалд манай хоёр хөршийн эрх үүргийг хуульчилж өгсөн нь цөмийн зэвсгээс ангид бүсийг эрх зүйн хувьд бүрэн баталгаажуулсан гэсэн үг. Улмаар 2014 оны аравдугаар сарын 31-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс хэмээн хүлээн зөвшөөрч, санал хураалтгүйгээр баталсан юм.

Сүүлийн жилүүдэд цөмийн болон үй олноор хөнөөх зэвсгийг хориглосон бүс байгуулах шаардлага, санаачилга гарсаар байгаа. Ялангуяа Ойрхи Дорнод, Төв Европ, Өмнөд Азид ийм бүс байгуулах асуудал ид яригдаж байна. Газар нутгийн байршлаасаа болоод бүсэд нэгдэж чадахгүй ч бие даан статус олж авч аюулгүй байдлаа баталгаажуулах сонирхолтой улс ч цөөнгүй бөгөөд тэдэнд Монголын жишээ гол замч, газарч нь болох учиртай юм.

Цөмийн зэвсэггүй бүс олноор байгуулагдах нь жижиг газар нутагтайгаасаа болоод бусдын газар нутаг дээр туршилт явуулах сонирхолтой улсуудын ашиг сонирхлыг хөнддөг тал бий. 

 

Холбоо барих

Монголын Мусульман Шашны Холбоо

Манай байгууллагын зорилго нь: Ислам шашины уламжлалаа Казах ард түмний ес жайгтай нийцүүлэн залуу хойч үед түгээн суртчилах

  • +976 99425828
  • Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
  • ulaanbaatar hot 

Биднийг дагаарай